• Mongolian
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэлийн ярилцлага Хэвлэх
2015 оны 2-р сарын 26, Пүрэв гариг, 16:29

Ariungerel

Энэ эмэгтэйг Пүрэвийн Ариунгэрэл гэдэг. Тэрээр ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны даргын албыг хашдаг юм. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын он өнөр өтгөн ам бүлтэй айлтай холбоотой. П.Ариунгэрэл ч үүгээрээ ихэд бахархдаг нэгэн. Жинхэнэ ажил хэрэгч, амьдралын идэвхтэй хүн гэж түүнийг нэрлэж болно. Ажиллах зуураа Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд суралцан бизнесийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжил эзэмшиж, ШУТИС-д техникийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. “Сантис” хэлний сургалтын төвд англи хэлний бүрэн курс төгсч энэ хэлээр ярьж бичих чадвар  эзэмшижээ. Түүнтэй ярилцлаа.

-Эмэгтэй хүн байж яаж яваад энэ нисэхтэй ажил амьдралаа холбох болов?

-Би чинь сантехникийн инженер хүн шүү дээ. Нийслэлийн шилдэг сургуулийн нэг Баатар хот Москвагийн нэрэмжит 33-р дунд сургуулийг төгсөөд тэр үеийн Политехникийн дээд сургуульд элсч, 1987 онд сантехникийн инженер мэргэжлээр төгссөн юм. Дараа нь цэргийн барилгын зургийн институтэд зураг төслийн техникч, инженерээр гурван жил гаруй ажиллаж байтал 90 оны ардчилсан хувьсгал болж, зах зээлийн эдийн засгийн шилжилт эхэлсэн. Барилгын салбар уналтад орж, зургийн институт маань тарж бутран би ч ажилгүй боллоо. Миний хүргэн ах Ч.Цэдэндорж тэр үед Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төвийн Хөдөлгөөний албаны даргаар ажилладаг байсан юм. Тэрээр “Манай нисэхэд  англи хэл, компьютерийн мэдлэгтэй хүн операторчоор шалгаруулж авах гэнэ” гэлээ. Сонсонгуут л англи хэл, компьютерийн анхан шатны сургалтад сууж амжилттай төгслөө. Биднийг ПДС-д оюутан байхад орос хэл заадаг, улсын шалгалт хүртэл авдаг байснаас англи огт үзэж байсангүй. Ингээд л шалгалтад нь тэнцэж  нисэх гэдэг их айлын үүдээр орсноос хойш 20 гаруй жил өнгөрчээ.

-Нисэхэд очоод дээд сургуульд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллав уу, өөр албанд томилогдов уу?

-Жинхэнэ нарийн мэргэжлийн байгууллагын халуун тогоонд орсон. Иргэний агаарын тээврийг газрын Нислэгийн хөдөлгөөнийг удирдах үндэсний төвд АФТН-ийн операторч гэдэг албанаас ажлын гараагаа эхэлж байлаа. Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төв нь Монгол Улсын агаарын зайд нислэгийн хөдөлгөөнийг удирдах, холбоо навигацийн байгууламж, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, нисэхийн бүх төрлийн мэдээ мэдээллүүдээр хангах үүрэгтэй юм. Хүмүүс нисэх гэхээр МИАТ компани юм уу, “Чингис хаан” нисэх буудлаар л төсөөлөөд байдаг. Гэтэл түүний цаана онгоцыг аюул осолгүйгээр нисгэж, буулгахад хамгийн чухал үүрэг хүлээдэг агаарын навигацийн үйлчилгээний ажилтнууд байдаг. Тэд бол хүн болгон мэддэггүй, ил харагддаггүй, нарийн төвөгтэй ажил эрхэлдэг “далд фронтын дайчид” юм.

-Тэр АФТН гэдэг нь ямар утга учиртай үг вэ?

-Тун товчхон, маш энгийнээр хэлбэл, дэлхий даяар нисэхийнхний харилцдаг компьютерийн сүлжээг хэлж байгаа юм. Тийм авиакомпанийн тийм маягийн агаарын хөлөг тийм нисэх буудлаас хөөрлөө, буулаа, тийм шалтгаанаар саатлаа, тийм тоног төхөөрөмжид гэмтэл гарлаа, тийм хугацаагаар саатлаа, тийм хугацаагаар нислэгт ашиглахгүй, тийм агаарын зам хаалттай, тийм хориотой, аюултай бүс идэвхжлээ гэх мэтээр нислэгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай бүх мэдээг тэр сүлжээгээр солилцдог.

-Шал өөр мэргэжлийн хүн нисэхийн салбарт ажиллахад бэрхшээл гарна биз?

-Жаахан хожуу ч гэсэн би нисэхийн мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг. Анх юу ч мэдэхгүй хүн орж байлаа. Сайхан хамт олны дунд орж нислэгийн хөдөлгөөн, агаарын навигацийн чиглэлийн мундагчуудтай хамт ажиллаж их зүйл сурсандаа бахархаж залбирч явдаг юм. Эхлээд ОХУ-ын Санкт-Петербургийн нисэхийн академид суралцаж, аэронавигацийн инженерийн мэргэжил эзэмшиж, дараа нь АНУ-ын Колорадогийн техникийн их сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын мастерын зэрэг амжилттай хамгаалсан юм. Энэ завсар Тайландын вант улсын нисэхийн сургалтын төв, Шведийн нислэгийн хөдөлгөөний академи, Эстони, Тайланд, зэрэг оронд мэргэжлийнхээ дагуу урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байлаа. Мэдээж нисэх маш нарийн төвөгтэй техникийн салбар учраас хүнд хэцүү байсан боловч өмнө нь Политехникийн дээд сургуулийг ид чанга, чанартай байх үед нь эзэмшсэн инженерийн боловсрол маань их хэрэг болсон гэж боддог.

-Нисэхийн мэдээллийн үйлчилгээний талаарх хурал болсон гэсэн. Энэ талаар?

-Иргэний нисэхийнхэн олон улсын хурал, семинар, ажил хэргийн уулзалтуудыг байнга зохион явуулдаг. Энэ нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэргэжил нэгт гадаадын нөхөдтэйгөө тулгамдсан асуудлуудаа ярьж шийдвэрлэх, туршлага солилцох, цаашилбал эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой байдаг. Үүний нэг нь 2012 оны хавар Улаанбаатар хотод болсон Ази, Номхон далайн бүсийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээг Нисэхийн мэдээллийн менежментэд шилжүүлэх ажлын хэсгийн VIII хуралдаан юм. Үүнийг манай ИНЕГ, тэр дундаа Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба гардан зохион байгуулсан юм. Уг хуралд 23 орны 70 гаруй төлөөлөгч оролцсон. Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн концепцид дэлхий нийтийн нэгдсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем нь баталгаатай, электрон нисэхийн мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг холбох гол хэрэгсэл нь нисэхийн мэдээлэл байна гэж заасан. Дэлхий нийтээрээ интернэт, сансрын навигаци болон компьютерийн сүлжээний эрин үед шилжиж RNAV, RNP гэх мэт компьютерт тулгуурласан навигацийн зарчмуудад шилжсэнээр нисэхийн мэдээллийн нислэгийн аюулгүй ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн концепцийн дагуу уламжлалт нисэхийн мэдээллийн үйлчилгээ (AIS) нь орчин үеийн дэвшилтэт технологийг бүрэн ашигласан нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-д шилжих зайлшгүй шаардлага тулгарсан учраас Олон улсын иргэний нисэхийн байгууллага нисэхийн мэдээллийн хэвлэмэл, цаасан хэлбэрийг өөрчилж, өгөгдөл төвтэй, автоматжуулалтад тулгуурласан хэлбэрт шилжүүлж, нислэгийн бүх үе шатанд нисэхийн мэдээллээр хангах зорилтыг тавьж байгаа билээ. Монгол улс энэ зорилтыг бүс нутагтаа  амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Ази, Номхон далайн бүсийн төвийн удирдлага уг  хурлыг эх орондоо зохион байгуулахыг манайхаас хүссэн. Мөн тус хурлын даргаар өнгөрсөн жилээс намайг сонгон ажиллуулж байна.

-Олон нийтэд зориулан хэвлэлийн мэдээлэл бэлтгэхдээ тэнцвэрт байдал, үнэн бодитой эсэх гэсэн олон хүчин зүйлийг харгалздаг. Нисэхийн мэдээлэл бэлтгэхэд баримтлах зарчим гэж байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ердөө энгийн, нисэхийн мэдээлэл үнэн зөв, шуурхай, бүрэн бүтэн байх ёстой. Энэ шаардлагыг Чикагогийн конвенцид тодорхой заасан байдаг. Эдгээр нь заавал биелүүлэх стандарт, олон улсын практикт тулгуурласан зөвлөмж юм.

-Үнэхээр нарийн байдаг юм байна?

-Тэгэхээс аргагүй. Нисэх бол эрсдэлтэй, эмзэг салбар. Тэр эрсдэл нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлын тогтоосон стандарт шаардлагуудыг алдагдуулж, түүнд нөлөөлөх олон чухал хүчин зүйлийг орхигдуулснаас хэдхэн хормын дотор болдгийг болсон ослууд харуулдаг. Олон хүний амь нас, эд хөрөнгө болон эдийн засгийн маш том гарз хохирол учирдаг, тухайн улсын олон улсын нэр хүнд унах гээд олон уршигтай. Тиймээс нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал гэдэг бол ямагт манай салбарын хамгийн анхаарал татсан асуудал байдаг. Нисэхийнхэн чинь өглөө босоод л хамгийн түрүүнд “цаг агаар ямар байна” гэж тэнгэр хардаг ажилтай улс шүү дээ. Аюулгүй ажиллагаа гэдэг юм ажилтан бүрийн толгойд байнга уяатай байдаг учраас бидний ажил хамгийн стресстэй ажлуудын жагсаалтад орсон байдаг юм билээ. Иймээс эдгээр ажилтнуудад эрүүл мэндээ алдаж байгаа хэмээн үзэж цалин хөлс, нийгмийн хамгааллын тохируулга буюу компенсаци хийдэг олон улсын туршлага байдаг.

-Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаныхаа тухай товч танилцуулна уу?

-Манай алба 64 хүнтэй. Голдуу залуус. 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Манай хамт олон Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлж, Монголын иргэний нисэхийн нүүр царай болж яваадаа баяртай байдаг. 2009 онд чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж ISO 9001-10 гэрчилгээг гардан авсан. Чанарын удирдлагын тогтолцоог жинхэнэ утгаар нь нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь байгууллагын үйл ажиллагаанд их тустай. Ажлынхаа хажуугаар манай хамт олон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, урлаг спортоор хичээллэн алжаал ядаргаагаа тайлдаг. Явган аялал, дугуйтай аялал, майхантай аялал хийнэ,хамтлаг дуучин олонтой. Ер нь бүх чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлдэг зөв залуусдаа.

-Мундаг юм аа?

-Тийм шүү. Гадаадынхан сургалт авах, туршлага судлахаар манайд ирдэг болж байна. 2013, 2014 онд Малайз, БНАСАУ зэрэг орны нисэхийн мэргэжилтнүүдэд анхан шатны болон ахисан шатны сургалт явуулсан. Малайзын иргэний нисэхийн мэргэжилтнүүдэд хичээл зааж, аудит шалгалт хийн дүгнэлт зөвлөмж гаргаж өглөө. Бахрейн, Хонгконг, Шри Ланк, БНСУ-аас ч бидэнд хандаж байна. Зөвхөн манай албаныхан төдийгүй манай нисэхийнхэн чинь мундаг оюунлаг, чадварлаг хүмүүс шүү дээ. МИАТ компанийн инженер техникийн ажилтнууд маань гадаадын авиакомпанийн орчин үеийн агаарын хөлгүүдэд маш нарийн засвар үйлчилгээ хийж байна. Энэ нь Монголын иргэний нисэх, агаарын тээврийн инженер, мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрсэнийг илтгэж байгаа юм.

-Тийм чадварлаг мэргэжилтнүүдийг хаана бэлтгэж байна вэ?

-Ихэвчлэн гадаадад бэлтгэдэг. Сүүлийн жилүүдэд зарим курс сургалтыг мэдлэг чадвар, дадлага туршлагатай, гадаадын эрх бүхий байгууллагад суралцан төгссөн мэргэжилтнүүд дотооддоо нээн явуулж байгаа. Нисэхийн мэргэжилтэн бэлтгэхэд өндөр зардалтай. Тиймээс бэлтгэсэн мэргэжилтэн байгууллагын үнэт баялаг. Зөвхөн мэргэжил эзэмшиж диплом өвөртөлснөөр “нисэхийн хүн” болдоггүй. Дээр дурдсан стандартын дагуу жил бүр мэргэшүүлэх сургалт, давтан сургалт, сэргээх сургалтад хамруулж, дадлага хийлгэж мэдлэг, ур чадварыг нь хадгалж байх ёстой.

-Хоногийн 24 цагийн ажилтай, туйлын хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүст бэрхшээл мунддаггүй байх даа?

-Манайханч одоо хөл дээрээ босч, ажил нь цэгцэрч жигдэрсэн хамт олон болсон доо. Би операторчоос нь эхлээд даргыг нь хүртэл энэ албаны бүх шатаар дамжлаа. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2010 онд манай улсын иргэний нисэхийн салбарт аудитын шалгалт хийсэн юм. Энэ бол Монгол улсын нисэхийн салбар аюулгүй ажиллагааг аль хэр хангаж байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгдөг том шалгалт бөгөөд дүнг нь олон улсад ил тод зарладаг. Дэлхийн нэр хүнд бүхий агааын тээвэрлэгчид, олон нийт тэр дүнг анхааран харж байдаг. Аргагүй шүү дээ. Аюулгүй ажиллагааг сайн хангасан найдвартай газраар нисэхийг хүсэх нь зүйн хэрэг. Энэ үнэлгээг хадгалах, дээшлүүлэхэд зарим үед улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэж манай салбарынхан үздэг.

-Манай улс нисэхийн найдвартай байдлаараа дэлхийн энэ олон улсын хаана нь явдаг юм бол?

-2010 оны аюулгүй ажиллагааны аудит шалгалтын дараа гаргасан жагсаалтаар дэлхийн 130 орноос манайх 11 дүгээрт, Азидаа тавдугаарт орсон.

-Менежер, хамт олны удирдагч хүний баримталбал зохих зарчим гэвэл?

-Хамгийн үнэтэй баялаг бол хүн. Муу хүн гэж байхгүй, муу удирдагч байдаг гэх үг ч бий. Тиймээс удирдагч хүн хамт олондоо итгэл хүлээлгэдэг, дүрэм журмын хүрээнд нь эрх мэдлийг хуваарилдаг байх ёстой. Хүнийг хайрлаж, итгэл өгч байж л сайн ажиллуулна гэсэн зарчим баримталдаг. Хүн гэдэг чинь урмаар ургаж байдаг ургамал гээ бмз дээ. Би хамт олондоо ээж, эгч, найз бас удирдагч шиг нь л байхыг эрмэлздэг. Дарга хүн гэхээр захиргаадаж, тушааж байхын нэр биш. Мэдээж хатуу зарчимч шаардлага тавих үе байлгүй яахав. Манайд ажиллахаар ирсэн хүмүүс сэтгэл хангалуун байдгийн учирч энэ байх. Хүн юм болохоор мэр сэр алдаа гардаг. Үүнээс үүдээд хэл эм гарах тохиолдол ч хааяа бий. Хэн ямар алдаа гаргав гэдгээс илүүтэй тэр алдаанаас ямар сургамж авах вэ, дахин яаж алдаа гаргахгүй байх вэ гэдгээ цэгнэх учиртай. Алдааныхаа шалтгааныг олоод засч залруулах ёстой. Манай хамт олны бүх ажиллагаа ил тод байдаг. Байр орон сууцны хөнгөлөлт эдлэх, гадаад томилолт сургалт, эрхийн шалгалтууд хэл ам дагуулдаг үйл явц манай албаны вэб дээр хамт олонд ил тод байдаг.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-2015 онд Монгол улсад нисэх хүчин байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Тэнгэр нь цэлмэг, хөлөг нь хурдан, буулт нь зөөлөн байг.

Сэтгүүлч: А.Чанцалдулам

 

ШМ1874/17 Их-Өлгий: Оптик шугам 2017.09.25-ны өдрийн 09:01 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасарсан. RADAR, RCAG станцууд, ADS-B VSAT-аар хэвийн.

ШМ1879/17 Улаанбаатар: GAREX сервер болон терминалууд дээр 2017.09.26-ны 17:00-21:00 цагийн хооронд техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1885/17 Улаанбаатар: AMS 1.2 гэрэл суултын сервер, TIME серверүүд дээр 2017.09.27-ны 10:00-14:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

ШМ1886/17 Улаанбаатар: AFTN терминалууд дээр 2017.09.27-ны 10:00-15:00 цагийн хооронд хугацаат техник үйлчилгээ хийнэ. Тасалдал үүсэх бол тухайн үед нь цаг авна.

 

AIRAC CALENDAR

Бэлэн байдлын мэдээ

Агаарын навигацийн өдөр тутмын мэдээ

Саатсан болон цуцалсан нислэгийн мэдээллийг
www.nisleg.info вэб хуудаснаас харна уу.