Contact

Aeronautical Information Services Division
Buyant-Ukhaa International Airport
P. O. Box-59
Ulaanbaatar 17120
Mongolia

Tel: 976-71283014

Fax: 976-70049838

AFS: ZMUBYOYX

E-mail: aip@mcaa.gov.mn

MONGOLIA

AIC

C 01/22

Effective from 24 JUN 2022 to PERM

Published on 24 JUN 2022

  ЖУРАМ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын:

- 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 52 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”,

- Батлан хамгаалахын сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” А-38/А/24 дугаар тушаалаар батлагдсан “Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам”, “Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам”-ыг энэхүү Нисэхийн мэдээллийн цуврал /AIC/-аар хүргүүлж байна.

 АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ

/Засгийн газрын 2018 оны 52 дугаар тогтоолын хавсралт/

  Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү журмаар агаарын зайн ангиллыг тогтоох, агаарын зайн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, агаарын зайг хянах болон агаарын зайн ашиглалт, зохицуулалттай холбоотой бусад харилцааг зохицуулна.
Энэхүү журмыг Монгол Улсын агаарын зайд улсын болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.
Агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны зориулалтаар пуужин харвах, буудлага үйлдэх, нисгэгчгүй нисэх онгоц болон төхөөрөмж хөөргөхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй.

  Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
“тусгай зориулалтаар ашиглах агаарын зай” гэж нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тусгай нөхцөлтэйгөөр ашиглахаар тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай (аюултай бүс, хязгаарлалттай бүс, хориотой бүс, цэргийн зориулалтын бүс, аэродромын хөдөлгөөний бүс, түр ашиглах бүс)-г;
“агаарын зайг уян хатан ашиглах (flexible use of airspace) зарчим” гэж агаарын зайг иргэний болон цэргийн гэж ялгахгүйгээр хэрэглэгчийн ашиглалтын шаардлагад үндэслэн хуваарилах зарчмыг;
“NOTAM” гэж агаарын навигацийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, журмын нөхцөл, эсхүл тэдгээрийн өөрчлөлт, аюултай нөхцөл байдлын талаар нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай, цаг тухай бүр мэдэж байвал зохих, түр шинж чанартай, нисэхийн цахилгаан холбооны суурин сүлжээ (Aeronautical fixed telecommunication network)-гээр тараагдах мэдээг;
“газарт ойртсоныг анхааруулах систем (GPWS)” гэж агаарын хөлөг газар, эсхүл саадыг мөргөх аюул ойртсон тохиолдолд нисгэгчид анхааруулах системийг.

  Гурав. Нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг тогтоох

Нисэхэд ашиглах агаарын зайн ангиллыг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага “Иргэний нисэхийн багц дүрэм”-ээр тогтооно.
Улсын нисэхэд ашиглах агаарын зайг Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд заасны дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
“Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд сансрын холбоо, тандан судалгааны хиймэл дагуул, цэргийн зориулалтаар болон агаар-сансрын чиглэлээр ашиглах хиймэл дагуул хөөргөх, буулгахад ашиглах агаарын зайг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, харилцаа, холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр тогтооно.

  Дөрөв. Агаарын зайн хяналт, аюулгүй байдлыг хангах

Монгол Улсын агаарын зайд үйлдэх бүх нислэгийн төлөвлөлт, хөдөлгөөн, удирдлага тогтоосон дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг агаарын зайн хяналтаар тодорхойлно.
Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хяналтыг Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах хяналтыг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох журмын дагуу тус тус гүйцэтгэнэ.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх агаарын зайн хяналт нь агаарын хөлгийн байрлалыг тодорхойлж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэнэ.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын агаарын зайд үйлдэхээр төлөвлөж байгаа нислэгийн мэдээллийг Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд урьдчилан мэдээлнэ.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй тохиолдолд иргэний нисэхэд ашиглах агаарын зайд сургууль-байлдааны нислэг хийхийг хориглоно.
Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг радиолокацийн хяналтын хэрэгсэл ашиглан хэрэгжүүлнэ.
Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал нислэгийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж ажиллана.
Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь агаарын зайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл байнга солилцож, хяналт тавьж ажиллана.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын агаарын зайд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан байна.

  Тав. Агаарын зайн ашиглалтын зохицуулалт

Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын агаарын зайн ашиглалтыг агаарын зайг уян хатан ашиглах зарчмаар зохицуулна.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь шинээр тогтоох бүсийн төрөл, тоон болон үсгэн тэмдэглэгээ, бусад шаардлагатай нөхцөлүүдийг улсын нисэхэд ашиглах агаарын зайн мэдээлэлд үндэслэн тухай бүр хамтран тодорхойлно.
Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд тухайн бүсэд хяналт тавих эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна.
Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь явуулах үйл ажиллагааны талаар тухайн бүс идэвхжих хугацаанаас 24-өөс доошгүй цагийн өмнө “NOTAM”-аар зарлуулна.
Тусгай зориулалтаар ашиглахаас бусад агаарын зайд үйл ажиллагаа явуулж байгаа этгээд улсын болон иргэний нислэгт аюул учруулж болзошгүй ажиллагаа явуулах тохиолдол бүрт энэхүү журмын 7.3-т заасан мэдээллийг 7-гоос доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу тухайн бүсийн босоо хязгаарыг Балтийн тэнгисийн тогтолцоог үндэслэсэн далайн түвшнээс авсан өндөр, эсхүл нислэгийн цуваагаар, хэвтээ хилийг WGS84 (deg. min. sec) солбицлоор, том, дунд масштабын байр зүйн зураг ирүүлэх тохиолдолд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагаар тус тус илэрхийлж иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь цэргийн зориулалтаар тогтоосноос бусад бүсэд нисгэгчгүй нисэх онгоц болон төхөөрөмж хөөргөх тохиолдолд тухайн бүсийн мэдээлэл, солбицол, босоо өндрийн хязгаарлалт, бусад шаардлагатай мэдээллийг 7-гоос доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Иргэн, хуулийн этгээд улсын нисэхийн үйл ажиллагаа явуулахаас бусад зорилгоор тусгай зориулалтын агаарын зайг тогтоолгох хүсэлтийг тухайн агаарын зай хүчинтэй болох өдрөөс 76-гаас доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.
Энэхүү журмын 5.8-д заасан хүсэлтийн хамт эрхлэх үйл ажиллагааны төрөл, давтамж, бүсийн хэвтээ хилийн координат, босоо өндрийн хязгаар, агаарын зайн хүчинтэй хугацаа, ашиглах радио долгион, нэвтрүүлгийн давтамж, хяналт тавих эрх бүхий этгээд, үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй холбоотой болон шаардлагатай бусад мэдээллийг хүргүүлнэ.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу улсын нисэхийн үйл ажиллагаа явуулахаас бусад зорилгоор тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох тохиолдолд тухайн агаарын зайн мэдээллийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлж санал авна.

  Зургаа. Агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулах

Монгол Улсын агаарын зайг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд зориулан ашиглуулахыг Монгол Улсын олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг, Зэвсэгт хүчний агаарын цэрэг нь Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг тус тус хариуцаж ажиллана.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу иргэний болон улсын нисэхийн аэродромыг хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд өмчийн харьяалал харгалзахгүй ашиглуулна.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж, газрын үйлчилгээний болон аэродромын шаардлагатай тоног төхөөрөмжөөр саадгүй, шуурхай хангаж ажиллана.

  Долоо. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг зарлан мэдээлэх

Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг “Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл” болон “NOTAM” мэдээгээр зарлан мэдээлнэ.
Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайд үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь улсын болон иргэний нислэгт нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд энэ тухай мэдээллийг уг агаарын зай хүчинтэй болох өдрөөс 76-гаас доошгүй хоногийн өмнө иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр хүргүүлэх бөгөөд холбогдох төрийн байгууллагууд зөвшилцсөний дагуу тухайн агаарын зайг “Монгол Улсын нисэхийн мэдээллийн эмхтгэл”-д оруулж нийтэд зарлан мэдээлнэ.
Энэхүү журмын 7.2-т заасан мэдээлэлд агаарын зайн тодорхойлолт, явуулах үйл ажиллагааны төрөл, бүсийн хэвтээ хилийн координат, босоо өндрийн хязгаар, агаарын зайн хүчинтэй хугацаа, ашиглах радио долгион, нэвтрүүлгийн давтамж, хяналт тавих эрх бүхий этгээд, тухайн үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдтэй холбоотой болон шаардлагатай бусад мэдээлэл багтана.

  Найм. Улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх

Монгол Улсын хилийн агаарын бүсийн ашиглалтын зохицуулалтыг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, улсын хил хамгаалах байгууллага болон иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, хил хамгаалах байгууллага, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хилийн агаарын бүсэд нислэг үйлдэнэ.
Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх этгээд энэхүү журмын 8.2-т заасан байгууллагуудад гаргах хүсэлтэд агаарын хөлөгт онцгой нөхцөл байдал үүссэн үед хээрийн буулт үйлдэх талбайн зураг, нислэгийн схемийг хавсаргана.
Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх этгээд нь Монгол Улсын Засгийн газраас ОХУ болон БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан Хилийн дэглэмийн тухай гэрээнд заасан улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэхтэй холбоотой шаардлагыг хангасан байна.
Хилийн агаарын бүсэд иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нислэгийн мэдээллийг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлж байна.
Зэвсэгт хүчний агаарын цэргийн төв командын байр нь радиолокацийн тусламжтайгаар хилийн бүсэд үйлдэж байгаа нислэгт байнгын хяналт тавина.
Агаарын хөлөг улсын хил зөрчих, хилийн хориотой бүсэд орох зэргээс сэргийлэх зорилгоор хилийн агаарын бүсэд хийх төлөвлөгөөт нислэгийг цаг агаарын ердийн нөхцөлд гүйцэтгэнэ.
Хилийн агаарын бүсэд хойшлуулшгүй нислэг үйлдэх агаарын хөлгийг сансрын навигацийн байршил тодорхойлох системээр бүрэн тоноглосон байна.
Хилийн уулархаг бүсэд цаг агаар хүндэрсэн нөхцөлд нислэг үйлдэхийг хориглох бөгөөд агаарын хөлгийг нислэгийн үед учрах саадаас урьдчилан сэргийлэх “Газар ойртсоныг анхааруулах систем”-ээр тоноглосон байна.

  Ес. Бусад зүйл

Энэ журмын биелэлтийг холбогдох байгууллагууд хамтран жилд 2 удаа дүгнэнэ.

УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН ОНЦГОЙ БОЛОН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ХАМТАРСАН ЖУРАМ

  Нэг. Ерөнхий зүйл

Улсын агаарын хөлгөөр үйлдэх онцгой болон тусгай үүргийн нислэгийн захиалга, нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах болон нислэг дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
Иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэхтэй холбогдсон харилцаанд энэ журам хамаарахгүй.
Энэхүү журмыг Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Улсын нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”, улсын нисэхийн багц дүрэм, иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд мөрдөнө.

  Хоёр. Нислэгийн захиалга

Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь орон нутгийн агаарын зайд үйлдэх онцгой үүргийн нислэгийн захиалга /төлөвлөлт/-ыг нислэг эхлэхээс 48-аас доошгүй цагийн өмнө, олон улсын агаарын орон зайд нислэг эхлэхээс 72-оос доошгүй цагийн өмнө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид "ИНЕГ" гэх/- ын харьяа Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба /цаашид "Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба" гэх/-нд хүргүүлсэн байна.
Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь тусгай үүргийн нислэг үйлдэхдээ дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:

батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон нислэг, гамшиг, осол, аюулт үзэгдэл, эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 30 минутаас багагүй цагийн өмнө;

төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, зам гүүр, барилга угсралтын ажил, спортын арга хэмжээ, геологи хайгуулын ажилд үйлчлэх, кино болон геодезийн зураг авах, байгаль орчныг хамгаалах, ан амьтны тооллого, нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 30 минутаас багагүй цагийн өмнө захиалга /төлөвлөлт/-ыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд тус тус хүргүүлнэ.

Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь нислэгийн батлагдсан чиглэл, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тохиолдолд онцгой үүргийн нислэгийг нислэг эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө, тусгай үүргийн нислэгийн мэдээллийг тухай бүр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд албан бичгээр эсвэл факсаар мэдэгдэнэ.

  Гурав. Нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах

Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд улсын агаарын хөлгөөр онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэхэд ИНЕГ- ын харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба /цаашид НХҮА гэх/ нь Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмийг баримтална.
Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд улсын агаарын хөлгөөр онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх тохиолдолд улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв /цаашид "ИНҮТ" гэх/-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төв /цаашид “Нислэгийн цаг уурын төв" гэх/- тэй хамтран ажиллах гэрээ байгуулна.
Дээрх гэрээний дагуу ИНҮТ нь ИНД-171 "Агаарын навигацийн техник үйлчилгээ байгууллагын гэрчилгээжүүлэлт”, ИНД-172 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", ИНД-175 "Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу шаардлага хангасан агаарын навигацийн үйлчилгээг, Нислэгийн цаг уурын төв нь ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийн шаардлага хангасан нислэгийн цаг уурын мэдээллийн хангалтын үйлчилгээг тус тус үзүүлнэ.
Улсын нисэхэд ашиглах агаарын зайд онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх үед Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Улсын нисэхийн нислэгийн хөдөлгөөний зохицуулагч болон Улсын нисэхийн аэродромын нислэгийн удирдагч нь улсын нисэхийн холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн удирдлага холбоо, аэронавигац, нислэгийн цаг уур болон нислэгийн хөдөлгөөний мэдээллийн хангалтын үйлчилгээг үзүүлнэ.

Тайлбар: Энэхүү заалтын “Улсын нисэхийн аэродромын нислэгийн удирдагч” гэдэгт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нислэгийн хөдөлгөөний ажилтнуудыг хамааруулж ойлгоно.

Онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэж буй нисэх баг нь нислэгийн хөдөлгөөний холбогдох журам, зааврын дагуу хөөрөлт буултын цаг, агаарын хөлгийн байрлал, нислэгтэй холбоотой бусад мэдээллийг НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид илтгэнэ.
Тусгай үүргийн нислэг үйлдэж буй улсын агаарын хөлөг зөвшөөрөгдсөн аэродромоос өөр газар буух зайлшгүй шаардлага гарсан эсхүл онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд, үүссэн нөхцөл байдал болон агаараас талбай сонгох буюу өөрт аль ойр аэродром сонгож буулт үйлдэх болсон тухай нисэх багийн даргын шийдвэрийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид нэн даруй мэдэгдэнэ.

  Дөрөв. Онцгой болон тусгай үүргийн нислэг дуусгавар болох

Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийг дараах тохиолдолд дууссанд тооцно. Үүнд:

агаарын хөлөг, нислэгийн төлөвлөгөөнд тусгагдсан нисэн очих цэгтээ очиж буусан үед;

агаарын хөлгийн нисэх баг нислэгийг цуцалж, тухайн нислэг төлөвлөгөөний дагуу үргэлжлэхгүй болохоо мэдэгдсэн үед, зэрэг болно.

  Тав. Бусад зүйл

Энэхүү журмыг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг талууд өөрсдийн хүлээсэн чиг үүргийн дагуу хүлээлгэнэ.
Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний нисэхийн дүрэм, журамд өөрчлөлт орох тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газар нь уг дүрэм, журмыг мөрдөж эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Зэвсэгт хүчний Жанжин штабт мэдэгдэнэ.
Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой улсын нисэхийн дүрэм, журамд өөрчлөлт орох тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб нь уг дүрэм, журмыг мөрдөж эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдэгдэнэ.

УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫГ ХАМТРАН АШИГЛАХ ЖУРАМ

  Нэг. Ерөнхий зүйл

Улсын нисэхийн аэродромыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн зориулалтаар хамтран ашиглахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
Иргэний нисэхийн аэродромыг ашиглахтай холбогдсон харилцаанд энэ журам үйлчлэхгүй.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа улсын нисэхийн аэродром болон улсын нисэхийн нөөц аэродром нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хяналтад байна.

  Хоёр. Хамтран ашиглах аэродромд тавигдах шаардлага

Улсын нисэхийн аэродромыг иргэний нисэхийн зориулалтаар ашиглах тохиолдолд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв /цаашид “ИНҮТ” гэх/ болон Зэвсэгт хүчний Жанжин штаб хооронд хамтран ажиллах гэрээ байгуулна. Гэрээний хэрэгжилтэд хоёр тал харилцан хяналт тавьж ажиллана.
Улсын нисэх болон иргэний нисэхийн хамтран ашиглах аэродром нь “ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-д заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал /цаашид “АЦК” гэх/-аас олгосон гэрчилгээтэй байх;

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Техникийн баримт бичиг батлах тухай” А/131 дүгээр тушаалын шаардлагыг хангасан байх;

агаарын хөлгийг хөөрч, буух болон нислэг үйлдэх үед иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн нислэгийн удирдагч, мэдээллийн ажилтан шаардлагыг хангасан байх;

гал унтраах зэрэглэл хангасан байх;

нисэхийн мэдээллийн эмхэтгэлээр зарлан мэдээлсэн байх;

тухайн аэродромд “Нислэг үйлдэх заавар”-тай байх;

газар эзэмших гэрчилгээтэй байх;

аюулгүй байдлын стандартыг хангасан байх;

ашиглалтын хязгаарлалтыг тогтоосон байх;

агаарын хөлгийг хөөргөх, буулгах болон нислэгийн үед удирдах боломжийг хангасан байх;

нислэгийн холбоо, радиотехникийн хангалтын техник, хэрэгслээр хангагдсан байх;

гэрэлтүүлгийн техник хэрэгслээр шаардлагын түвшинд хангагдсан байх;

нислэгийн цаг уурын хангалт хийх боломжийг бүрдүүлсэн байх;

нисэхийн инженерийн болон аэродромын техник хэрэгслээр тоноглогдсон байх;

аюулгүй байдлыг хангах үүднээс тусгаарлах хашаа, харуул хамгаалалттай байх зэрэг болно.

Улсын нисэхийн аэродромыг иргэний нисэхт тогтмол ашиглах тохиолдолд ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу гэрчилгээжсэн байна.
Улсын нисэхийн аэродромыг ашиглахад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн баталсан тухайн аэродромд “Нислэг үйлдэх заавар”-ыг дагаж мөрдөнө.

  Гурав. Улсын нисэхийн аэродромыг ашиглах

Улсын нисэхийн аэродромыг ашиглах хүсэлтийг хуулийн этгээдээс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд бичгээр гаргана.
Улсын нисэхийн аэродромыг ашиглах хүсэлтэд аэродромыг ашиглах зорилго, хугацаа зэрэг мэдээллийг тодорхой тусгана.
Улсын нисэхийн аэродромыг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдэд ашиглуулах бөгөөд гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгана.

  Дөрөв. Бусад зүйл.

Онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд хамтран ашиглах гэрээ байгуулаагүй хуулийн этгээдэд улсын нисэхийн аэродромыг ашиглуулахгүй.
Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь хамтран ашиглаж байгаа улсын нисэхийн аэродромын ашиглалтын гэрээг бүхэлд нь болон хэсэгчлэн түр зогсоож болно.
Энэхүү журмыг зөрчигчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний нисэхийн дүрэм, журамд өөрчлөлт орох тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газар нь уг дүрэм, журмыг мөрдөж эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Зэвсэгт хүчний Жанжин штабт мэдэгдэнэ.
Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой улсын нисэхийн дүрэм, журамд өөрчлөлт орох тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб нь уг дүрэм, журмыг мөрдөж эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдэгдэнэ.