ENR 1  ЕРӨНХИЙ ДҮРЭМ БА ЖУРМУУД

ENR 1.1  Ерөнхий дүрмүүд

1.  Ерөнхий

1.1 Монгол Улсын агаарын зайд мөрдөгдөх нислэгийн хөдөлгөөний дүрэм, журмууд нь олон улсын иргэний нисэхийн конвенцийн Хавсралт 2, Хавсралт 11 болон Агаарын навигацийн үйлчилгээнүүдийн журмууд-Нислэгийн болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний дүрмүүд-ийн агаарын хөлөгт хамааралтай хэсгүүдэд нийцсэн байна.
1.2 Монгол Улсын агаарын зайд үйлдэх бүх нислэгүүдийг Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль болон Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмүүдийн дагуу гүйцэтгэнэ.

2.  Нислэгийн хөдөлгөөний давуу эрхийн дүрэм

2.1  Хөдөлгөөний давуу эрхийн дүрэм
2.1.1 Нисгэгч нь бусад агаарын хөлгийн хөдөлгөөнөөс зайлсхийх зорилгоор нислэгийг IFR буюу VFR-ийн дагуу үйлдэж байгаагаас үл хамааран, цаг агаарын байдал боломжтой байвал ил харааны ажиглалт хийнэ.
2.1.2 Нисгэгч нь агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS)-ээс өгч буй анхааруулга, шийдвэрийг үндэслэн мөргөлдөөнөөс зайлсхийх маневр үйлдэх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
2.1.3 Нисгэгч нь өөр агаарын хөлөг өнгөрөн гарах үед дагалдах хуйлралын нөлөөг харгалзан үзээгүй бол уг агаарын хөлгийн эгц урдаас чиглэж, эсхүл түүний дээгүүр буюу доогуур гарахаас зайлсхийж, зам тавьж өгнө.
2.2  Эгц урдаас ойртох
2.2.1 Өөр агаарын хөлөг эгц урдаас нь, уулзах чиглэлээр ойртож байгаа үед нисгэгч чиглэлийг баруун гар тийш өөрчилнө.
2.3  Агаарын хөлгүүдийн чиглэл огтлолцох
2.3.1 Өөр агаарын хөлөгтэй ижил өндрийн-түвшин, нэг цэгт огтлолцох чиглэлээр нисэж буй агаарын хөлгийн нисгэгч нь баруун гар талдаа байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө. Энэ заалт нь дараах нөхцөлүүдэд хамаарахгүй:
  1. Дирижабаль, планер болон агаарын бөмбөлөг нь агаараас хүнд, хөдөлгүүрт агаарын хөлгөөс давуу эрхтэй;

  2. Планер, агаарын бөмбөлөг нь дирижабалиас давуу эрхтэй;

  3. Агаарын бөмбөлөг нь планераас давуу эрхтэй;

  4. Планер чирч яваа агаарын хөлөг нь хөдөлгүүрт агаарын хөлгөөс давуу эрхтэй;

  5. Шүхрээр бууж буй этгээд нь бүх төрлийн агаарын хөлгөөс давуу эрхтэй.

2.4  Агаарын хөлгийг гүйцэж түрүүлэх
2.4.1 Гүйцэж түрүүлж буй агаарын хөлөг нь өмнөө байгаа агаарын хөлгөөс зайлсхийх эргэлт шаардлагатай тохиолдолд чиглэлийг баруун гар тийш өөрчилж гүйцэж түрүүлнэ.

Тайлбар: Гүйцэж түрүүлж байгаа агаарын хөлөг гэж өмнөө байгаа агаарын хөлгийн ар талаас 70 градусаас бага өнцгөөр тэгш хэмт шугам үүсгэн ойртож байгаа агаарын хөлгийг хэлнэ.

2.5  Буух
2.5.1 Агаарт болон газарт байрлаж буй агаарын хөлгийн нисгэгч нь буултын үе шатанд буюу буулт үйлдэж буй агаарын хөлөгт бусад агаарын хөлөг зам тавьж өгнө.
2.5.2 Агаарт болон газарт байрлаж буй агаарын хөлгийн нисгэгч нь буулт хийхээр ойртолт үйлдэж буй хоёр буюу түүнээс дээш агаарын хөлгүүд нь нам өндрийн-түвшинд байгаа агаарын хөлөгтөө зам тавьж өгнө.
2.5.3 Буултын үе шатанд яваа агаарын хөлгийн урдуур өнгөрөх буюу уг агаарын хөлгийг гүйцэж түрүүлэхэд мөр 2.5.2-т заасан давуу эрхийг эдлэхгүй.
2.6  Хөөрөх
2.6.1 Бусад агаарын хөлөгтэй мөргөлдөх илэрхий аюул байвал хөөрөлт үйлдэхийг хориглоно.
2.7  Явгалах
2.7.1 Аэродромын талбайд явгалж буй агаарын хөлгийн нисгэгч нь:
  1. буулт, хөөрөлт үйлдэж байгаа болон хөөрөлт үйлдэх гэж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө;

  2. өөр агаарын хөлөгтэй эгц урдаас, эсхүл хэт ойртож байгаа тохиолдолд зогсох ба аюулгүй зайд холдох хүртэл чиглэлийг баруун гар тийш өөрчилнө.

  3. хоёр агаарын хөлгийн явгалах зам огтлолцож байвал, баруун гар талдаа байгаа агаарын хөлөгт зам тавьж өгнө.

2.8 Бүх агаарын хөлгийн нисгэгч нь аюулд учирсан агаарын хөлөгт зам тавьж өгнө.

3.  Агаарын хөлгийн гэрэл

3.1 Нисгэгч нь агаарын хөлгийн навигацийн гэрлийг асаалгүйгээр шөнийн цагт нислэг үйлдэхгүй.
3.2 GEN 1.5-д шаардсаны дагуу тухайн агаарын хөлөгт суурилуулсан мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн систем нь ажиллагаагүй бол шөнийн цагаар нислэг үйлдэхгүй.
3.3 Аливаа этгээд дараах тохиолдолд, аэродромын талбайд шөнийн цагаар агаарын хөлгийг байрлуулах буюу шилжүүлэн зөөхгүй:
  1. агаарын хөлгийн гэрэл тод биш байвал;

  2. агаарын хөлгийн навигацийн гэрэл асаагүй байвал;

  3. агаарын хөлөг нь саадын гэрлэн тэмдэглэгээгүй талбайд байвал

4.  НХУ-аас өгөх гэрлэн дохионууд

4.1 Нисгэгч нь дараах хүснэгтэнд заасан НХУ-аас өгөгдсөн гэрлэн дохионы зөвшөөрөл, зааврыг биелүүлнэ.

Гэрлэн дохио

Агаарт байгаа агаарын хөлөгт

Газарт байгаа агаарын хөлөгт

Үргэлжилсэн ногоон гэрэл

Буухыг зөвшөөрнө

Хөөрөхийг зөвшөөрнө

Үргэлжилсэн улаан гэрэл

Бусад агаарын хөлөгт зам тавьж өгөөд, тойрог нислэгийг үргэлжлүүл

Зогс

Анивчсан ногоон гэрэл

Буухаар буцаж эргэ (буух зөвшөөрлийг тухайн үед өгнө)

Явгалахыг зөвшөөрнө

Анивчсан улаан гэрэл

Аэродром аюултай, бууж болохгүй

Ашиглаж буй буултын талбайгаас зайтай явгалалт үйлд

Анивчсан цагаан гэрэл

Энэ аэродром дээр буугаад, зогсоол руу оч. (явгалах зөвшөөрлийг тухайн үед нь өгнө)

Аэродром дээрх гарааны цэг рүү буц

Улаан, ногоон гэрэл ээлжлэн анивчих

Анхаар аюултай

Анхаар аюултай

5.   Минимум аюулгүй өндөр ба өндрийн-түвшин

5.1  VFR нислэгүүдийн минимум өндөр
5.1.1 Хөөрөлт буюу буулт үйлдэхээс бусад үед VFR-ээр доорх нөхцлүүдэд нислэг үйлдэхгүй:
  1. хөдөлгүүрт эвдрэл, гэмтэл гарсан үед газар дээр байгаа хүмүүс болон эд зүйлд аюул учруулахгүй буулт үйлдэхэд шаардагдах өндрөөс нам өндөрт;

  2. хүн ам шигүү суурьшсан хот, суурин дээгүүр, эсхүл хүмүүс цугларсан бүс нутаг дээрхи агаарын зайд, тухайн агаарын хөлгөөс 600 м-ийн хэвтээ радиус доторх хамгийн өндөр саадаас дээш 300 м-ээс нам өндөрт;

  3. бусад аль нэг бүс нутгийн дээгүүр, газрын гадаргуугаас дээш 150 м-ээс нам өндөрт.

5.1.2 Мөр 5.1.1 нь доор дурдсан агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
  1. хөөрөлт, буулт үйлдэж буй агаарын хөлөг;

  2. дүүжин нислэг гүйцэтгэж буй нисдэг тэрэг;

  3. хоёрдугаар тойрогт гарч байгаа эсхүл ойртолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон агаарын хөлөг.

5.1.3 Мөр 5.1.1 с) нь нам өндөрт нисэх шаардлагатай агаарын хөлгөөр доор дурдсан нөхцөлд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
  1. тухайн нам өндрийн нислэгийг газар дээр байгаа хүмүүс болон эд зүйлд аюул учруулахгүйгээр үйлдэж байвал;

  2. тухайн нам өндрийн нислэгийн үйл ажиллагаанд шууд холбогдох хүмүүсийг тээвэрлэж байвал;

  3. агаарын хөлөг нь тухайн нислэгийн үйл ажиллагаанд үл хамаарах аливаа этгээд, машин техник, гадны биетээс 1500 м-ийн хэвтээ радиусын гадна байвал.

5.1.4 Мөр 5.1.1 в) нь доор дурдсан агаарын хөлгийн даргад хамаарахгүй:
5.1.4.1 Багш нисгэгчийн хүчин төгөлдөр зэрэглэл эзэмшигч нь сургалт, дадлагын зорилгоор доор дурдсан нислэг үйлдэж байвал:
  1. газрын гадаргуугаас 300 м-ээс нам өндөрт эхэлсэн хөөрөлтийн дараах хөдөлгүүрийн дуураймал гэмтэл, дутагдал;

  2. газрын гадаргуугаас дээш 300 м-ээс дээш өндөрт эхэлсэн хөдөлгүүрийн дуураймал гэмтэлтэй, нам өндрийн нислэгийн бүсэд 150 м-ээс дээш өндөр алдалтыг гүйцэтгэж байвал;

  3. хоёрдугаар тойрогт гарч байгаа эсхүл ойртолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон үеийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэж байвал.

5.1.4.2 Хэрэглэлийн нислэгийн зэрэглэл эзэмшигч нь IFR-ээр сургалт, шалгалт эсхүл VFR-ээр дадлагын нислэгийг ENR 1.7-д заасан IFR-ийн нислэгийн өндрийн-түвшин, ENR 1.3.3, энэ зүйлийн 5.2-ийн дагуу үйлдэж байвал;
5.1.4.3 Нам өндрийн нислэгийн бүст нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга;
5.1.4.4 Нисэхийн шоу-д оролцож байгаа агаарын хөлгийн дарга.
5.2  IFR нислэгүүдийн минимум өндрийн-түвшин
5.2.1 Хөөрөлт буюу буулт үйлдэхээс бусад үед нислэгийн минимум өндрийн-түвшнөөс нам өндөрт IFR-ээр нислэг үйлдэхгүй.
5.2.2 Энэхүү нислэгийн минимум өндрийн-түвшнийг тогтоогоогүй тохиолдолд доор үзүүлсэн өндрөөс нам өндөрт IFR-ээр нислэг үйлдэхгүй:
  1. Далайн дундаж түвшнээс дээш 2000 м, түүнээс дээш өргөгдсөн уулархаг бүсийн дээгүүр нислэг үйлдэх тохиолдолд, төлөвлөсөн замын шугамаас хоёр тийш 20 км, хамгийн өндөр саадаас дээш 600 м-ээс нам өндөрт;

  2. Бусад бүх тохиолдолд, төлөвлөсөн замын шугамаас хоёр тийш 10 км дотор хамгийн өндөр саадаас 300 м-ээс нам өндөрт;

  3. Агаарын хөлөг GPS-ээр тоноглогдсон тохиолдолд төлөвлөсөн замын шугамаас хоёр тийш 11 км доторх хамгийн өндөр саадаас дээш 600 м-ээс нам өндөрт.

6.  Агаарын хөлгийн хурдны хязгаарлалт

6.1 Мөр 6.2-т зааснаас бусад тохиолдолд агаарын хөлгөөр далайн дундаж түвшнээс дээш 3000 м (10000 фут) ба түүнээс доош өндрийн-түвшинд 460 км/ц (250 узель)-аас их хэрэглэлийн хурдтайгаар нисэхийг хориглоно:
  1. D, E эсхүл G ангиллын агаарын зайд IFR-ээр нислэг үйлдэж байвал;

  2. C, D, E эсхүл G ангиллын агаарын зайд VFR-ээр нислэг үйлдэж байвал.

6.2 Дараах тохиолдолд ENR 1.1-ийн мөр 6.1 хамаарахгүй:
  1. Нислэгийн ашиглалтын зааварт агаарын хөлгийн аюулгүй минимум хурд нь 460км/ц (250 зангилаа)-аас их бөгөөд тухайн агаарын хөлөг аюулгүй минимум хурдаар нислэг үйлдэж байвал;

  2. ИНД-91-ийн зүйл 91.703-т заасны дагуу тухайн агаарын хөлөг үзүүлэх нислэгт оролцож байвал.

7.  НХУ-ын нислэгийн үйл ажиллагааны удирдлага

7.1 Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй бүх агаарын хөлгүүд нь зөвшөөрөгдсөн агаарын замуудын дагуу нислэг үйлдэнэ.
7.2 Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг нь НХҮ-ний зохих нэгжтэй 2 талын холбоотой байх үүрэгтэй.

8.  Байршил илтгэх

8.1 Агаарын хөлөг нь Монгол Улсын Улаанбаатар FIR-д нэвтрэхдээ тогтоосон агаарын замуудаар ниснэ. FIR-д нэвтрэхээс өмнө агаарын хөлгийн нисэх баг Монгол Улсын холбогдох нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд илтгэж FIR-н хил хязгаарууд дотор нисэх зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүй агаарын хөлөг FIR-н хил хязгааруудад нэвтрэх эрхгүй.
8.2 Нислэгийн хөдөлгөөний зохион байгуулалт ба аюулгүй ажиллагааг хангахын тулд Улаанбаатар FIR-д НХҮ-ний аливаа нислэгийн замаар нэвтэрч буй бүх агаарын хөлөг хил нэвтрэхээс 5 минутын өмнө холбоо барина.

9.  Агаарын хөлгөөс эд зүйл унагах ба цацах

9.1 Хүмүүс эсхүл бусдын эд хөрөнгөнд гэмтэл, аюул учруулахгүй гэдгийг бататгаагүй бол нислэгийн үед агаарын хөлгөөс аливаа эд зүйлс унагах болон цацахыг хориглоно.

10.  Цагууд ба хэмжилтийн нэгжүүд

10.1 Цагууд ба хэмжилтийн нэгжүүдийг GEN 2.1.1 болон GEN 2.1.2-оос хар.

11.  Агаарын зайн бүтэц

11.1 Монгол Улсын ИНЕГ-аас нислэгийн мэдээллийн үйлчилгээ болон түгшүүрийн үйлчилгээ үзүүлэх Улаанбаатар Нислэгийн мэдээллийн бүсийг бий болгосон бөгөөд энэ талаар ENR 2-т заасан.

12.  Зайчлал

12.1 Нислэгийн замын болон нисэн ирэх ба нисэн гарах үе шатуудад нислэг үйлдэж буй агаарын хөлөг нь ICAO-гийн Doc 4444 АТМ/501-ийн Бүлэг 5 болон Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм-172.75 болон ИНД-172.77-д заасан журмууд ба зайчлалын хязгаарлалтуудыг баримтлана.
12.2 Параллел ХБЗ-уудад ойртолт үйлдэх болон аэродромын удирдлагын үйлчилгээ үзүүлэхэд ICAO-гийн Doc 4444 АТМ/501-ийн Бүлэг 6 ба Бүлэг 7 болон Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм-172.75 болон ИНД-172.77-д заасан журмууд ба зайчлалын хязгаарлалтуудыг баримтлана.

13.  Хориотой, хязгаарлалттай болон аюултай бүсэд нислэг үйлдэх

13.1 Нисгэгч нь тухайн хязгаарлалттай бүсэд хяналт тавих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тогтоосон хязгаарлагдсан бүсэд агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй.
13.2 Нисгэгч нь тухайн аюултай бүсэд нислэг үйлдэх нь агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй болохыг тогтоогоогүй нөхцөлд аюултай бүсэд агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй.
13.3 Хотын хүн ам ихээр төвлөрсөн бүс дээгүүр Хориотой агаарын зайтай бөгөөд тухайн бүсээр агаарын хөлөг өнгөрөх тохиолдолд НХУТ-өөс зөвшөөрөл авна.

14.  Цэргийн үйл ажиллагааны бүсэд нислэг үйлдэх

14.1 Нисгэгч нь тухайн цэргийн үйл ажиллагааны бүсэд хяналт тавих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тогтоосон бүсэд агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй.
14.2 Нисгэгч нь тухайн цэргийн үйл ажиллагааны бүсэд нислэгт хамаарах бүх нарийвчилсан мэдээллийг хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад өгөөгүй бол тогтоогдсон бүсэд нислэг үйлдэхгүй.

15.  Улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх

15.1 Улсын хилийн шугамаас дотогш 30км-ийн өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зай (Улсын хилийн бүс)-д зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэхийг хориглоно.
15.2 Улсын хилийн бүсэд зайлшгүй шаардлагаар нислэг үйлдэх иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, Хил хамгаалах байгууллага, Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Улсын хилийн агаарын бүсэд нислэг үйлдэнэ.